Би яагаад ингэж их ЯДРААД байна вэ?

2025-04-09 06:55
Би яагаад ингэж их ЯДРААД байна вэ?

Ядаргаанд орохын олон шалтгаан бий: стрессийн түвшин, хангалттай их ус уухгүй байх,, хоолны дэглэм, хөдөлгөөний дутагдал зэрэг нь таныг сульдаах хүчин зүйлс байж болно. Доорх нийтлэг шалтгаанууд нь ядаргаа үүсгэхэд нөлөөлдөг.

Стрессийн нөлөө

Стресс нь хүний сэтгэлзүйн болон бие махбодийн байдалд сөрөг нөлөө үзүүлж, эрч хүчийг барах шалтгаан болдог. Учир нь стрессийн хариу урвал нь бие махбодийг тодорхой аюулын эсрэг тэмцэх буюу зугтахад бэлэн байдалд оруулдаг тул их хэмжээний эрч хүч зарцуулна.

Үүнээс гадна, стресс нь сэтгэл гутрал, түгшүүрийг өдөөж, ядаргааг нэмэгдүүлэхээс гадна нойрны хэв маягийг алдагдуулж болзошгүй. Орчин үеийн стресс үүсгэгч хүчин зүйлс урт хугацаанд үргэлжлэх хандлагатай байдаг тул бие махбодь байнгын дарамтад орж, цаашлаад цусны даралт ихсэх зэрэг архаг өвчний шалтгаан болох эрсдэлтэй.

Стрессээ бууруулахын тулд хийх ажлын жагсаалтаа эргэн харж, ажлын болон хувийн амьдралын зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг шалгаарай. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх, бясалгал, йог, тай чи зэрэг тайвшруулах арга техникүүдийг хэрэглэх нь үр дүнтэй. Гэр бүл, найз нөхөд, тэжээвэр амьтадтайгаа цагийг өнгөрөөх нь стрессийг бууруулахад тустай.

Хангалттай хэмжээгээр ус уухгүй байх

Хүний биеийн 60-70 орчим хувийг ус эзэлдэг тул усны дутагдал нь зөвхөн ядаргаа төдийгүй толгой өвдөх, уур уцаартай болох, биеийн дулаан багасах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Мөн ус хангалттай уухгүй байх нь цусан хангамжийг саатуулах, дотор эрхтнүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

Ихэнх насанд хүрсэн хүмүүс өдөрт 6-8 стакан ус уух шаардлагатай байдаг. Хэрэв та усны амтанд дургүй бол зүсэм нимбэгтэй усыг туршаад үзээрэй.

Нойрны дутагдал

Хангалттай унтаж чадахгүй байх нь эрч хүч багасах гол хүчин зүйлсийн нэг юм. Нойроо сайжруулахын тулд унтахын өмнө гар утас, зурагт зэрэг дэлгэцийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Учир нь эдгээр төхөөрөмжөөс ялгарах цэнхэр гэрэл нь бие махбодийн мелатонин (нойрны мөчлөгийг зохицуулдаг даавар) ялгаруулалтад сөргөөр нөлөөлдөг.

Нойроо сайжруулахын тулд унтлагын өрөөний температурыг 16-20°C орчимд байлгах, өрөөг харанхуй болгох, тогтмол цагт унтаж, сэрэхийг хичээх нь чухал. Мөн унтахын өмнө их хэмжээний хоол идэхгүй байх, согтууруулах ундаа, кофе зэргээс зайлсхийх хэрэгтэй.

Хэрэв танд хурхиралт, гүн ядаргаа зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал мэдрэлийн мөн нойрны нарийн мэргэжилийн эмчид хандах нь зүйтэй. Эдгээр нь амьсгал тасалдах хам шинж (sleep apnea)-ийн шинж тэмдэг байж болзошгүй.

Зохистой хооллолтгүй байх

Хоолны буруу дадал зуршил нь эрүүл мэндэд олон сөрөг үр дагавар учруулдаг бөгөөд ядаргаа ч мөн үүнд хамаарна.

Чихэр, хиймэл амтлагч, эрүүл бус өөх тос агуулсан хэт боловсруулсан хүнс их хэмжээгээр хэрэглэх нь эрч хүчийг бууруулахаас гадна шим тэжээлийн дутагдалд хүргэдэг.

Тиймээс эрүүл, шинэ хүнсээр баялаг хооллолтыг баримтлах нь чухал. Үүнд хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, эрүүл тослог бодис, чанартай уураг зэрэг орно.

Эрүүл мэндийн асуудлууд

Биеийн байдал таагүй үед эрч хүч дутагдах нь ойлгомжтой. Ядаргаа нь олон өвчний нийтлэг шинж тэмдэг бөгөөд амьсгалын замын халдвар, архаг ядаргааны хам шинж, мононуклеоз, оношлогдоогүй чихрийн шижин зэрэг өвчнүүдтэй холбоотой байж болзошгүй.

Хэрэв та амьдралын хэв маягаа өөрчилсөн ч ядаргаа үргэлжилсээр байвал эмчид хандаж нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Төмрийн дутагдал

Төмрийн дутагдал нь ядаргааны шалтгаануудын нэг байх магадлалтай. Энэ нь дэлхий даяар хамгийн түгээмэл тохиолддог шим тэжээлийн дутагдлуудын нэг юм.

Төрөх насны эмэгтэйчүүд, тамирчид, цагаан хоолтнууд, веган хоолтнууд төмрийн дутагдалд өртөх эрсдэлтэй байдаг.

Төмрийн дутагдлыг нөхөхийн тулд үхрийн мах, байгалийн гаралтай загас зэрэг амьтны уургийн цэвэр эх үүсвэрүүдийг хэрэглэх нь үр дүнтэй. Хэрэв нэмэлт бүтээгдэхүүнээр төмрийн түвшингээ нэмэгдүүлэх гэж байгаа бол ходоод гэдсэнд хүндрэл учруулахгүй, шингэц сайтай, С амин дэмтэй хамт хэрэглэж болох төрлийг сонгох нь зүйтэй.

Хөдөлгөөний дутагдал

Эрч хүч багатай үед амрах хэрэгтэй гэж бодож болох ч хэт удаан суугаа байдал нь ядаргааг улам дордуулдаг.

Бие махбодийн хөдөлгөөний дутагдал нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж, нойрны хэв маягийг өөрчлөх, хоолны дуршлыг буруу зохицуулах, илүүдэл өөх хуримтлуулах зэрэг сөрөг үр дагавартай.

Судалгаанаас үзэхэд хөдөлгөөний хомсдол нь сэтгэл зүйн туйлдалт байдал үүсгэх эрсдэлтэй. Харин дасгал хөдөлгөөн нь энергийн түвшинг нэмэгдүүлж, эерэг сэтгэл хөдлөлийг дэмжиж, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.

Хөдөлгөөн хийх урам зориг олохын тулд өөртөө урамшуулал өгөх (жишээлбэл, дасгал хийсний дараа өөрийгөө шагнах), дасгалын хөтөлбөрөө бусадтай хуваалцах эсвэл дасгалын хамтрагчтай болох нь үр дүнтэй.

Дүгнэлт

Ядаргаа нь олон хүчин зүйлээс үүдэлтэй байж болох тул эрүүл мэндийн байдалдаа дүгнэлт хийх нь чухал. Хангалттай ус уух, зөв хооллох, сайн унтах, идэвхтэй хөдөлгөөн хийх, стрессээ удирдах нь эрч хүчээ нэмэгдүүлэх гол арга замууд юм.

Эх сурвалж: 

https://naturesplus.com/blogs/wellness/why-am-i-so-tired 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл