Back to school: Хүүхдийнхээ эрүүл мэндийг шинэ хичээлийн жилд хэрхэн бэлдэх вэ?

2024-08-01 03:49
Back to school: Хүүхдийнхээ эрүүл мэндийг шинэ хичээлийн жилд хэрхэн бэлдэх вэ?



Шинэхэн хичээлийн жилээр хүүхдүүд шинэ шинэ дурсамж бүтээн, олон найзтай болж, амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг бий болгодог. Эрүүл саруул хүүхэд хичээлийн жилээрээ хамгийн сайнаараа суралцах нь дамжиггүй. 

Тэгвэл хүүхдийнхээ эрүүл мэндийг шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө анхаарч, сайжруулахад тань туслах зөвлөмжийг хүргэж байна. 


  1. Халдвараас сэргийлэх арга зааж өгөөрэй


Гар угаах нь хамгийн энгийн хэр нь маш үр дүнтэй халдвараас сэргийлэх арга юм шүү. 

Гэхдээ гар угаах хугацаа нь хэтэрхий урт эсвэл хэтэрхий удаа байж болохгүйг анхаараарай. 

“Happy Birthday” төрсөн өдрийн дуу нь гар угаах хамгийн тохиромжтой хугацаа гэнэ шүү. Тэгэхээр бяцхан үрстээ гараа угаах үед нь төрсөн өдрийн дуу аманд нь дуулуулж хэвшүүлээрэй. 


  1. Хүүхдийнхээ хүзүү, нурууны тэгш байдалд анхаарал хандуулаарай 


Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээ дэлхийн хүн амын ихэнх хувийн салшгүй нэгэн хэрэглээ болжээ. Хүүхдүүдийн яс, булчингийн тогтолцоо өдөр хоногоор өсдөг, үүнтэй холбоотойгоор буруу байрлалтай удаан хугацаанд сууж, зогсвол яс буруу хөгжиж, хүзүү, нурууны мурийлт үүсдэг. 

Мөн хүүхдийн хичээлийн цүнх хүнд байх, цүнхээ буруу үүрэх зэрэг нь мурийлт үүсгэдэг. Иймээс нурууны сунгалтын дасгал, хөл, гуяны булчин суллах дасгал зэргийг хийлгэж хэвшүүлээрэй. 


  1. Эрүүл хооллоход нь туслаарай 


Хүүхдийг эрүүл хооллуулна гэдэг хэзээд хэцүү байдаг билээ. 

Орчин үеийн шим тэжээл судлаачид хүүхдэд шаардлагатай уураг, нүүрс ус, өөх тосыг агуулсан жижиг, жижиг хэмжээтэй Energy Bar буюу тэжээллэг амттаныг санал болгож байна. Цүнхэнд хийгээд авч явахад амар, асгарахгүй, нэгийг задалсан бол тэр дор нь идээд дуусгахад тохиромжтой хэмжээтэй савлагдсан байдаг.

Мөн хүүхдэдээ  өдрийн хоолыг нь бэлдэж өгч явуулах нь сайхан санаа юм. Учир нь хүүхэд гэрийнхээ, тэжээллэг хоолыг идэж хэвшсэнээр хоолны хордлогоос сэргийлж шим тэжээлээ хангалттай авах нөхцөл бүрдэнэ. 


  1. Шөнийн нойрны чанарт нь анхаарлаа хандуулаарай 


Зуны амралтын үеэр шөнө унтаж, өдрөөр сэрэх нь олон байдаг шүү дээ. Хичээлийн шинэ жил эхэлж эрт унтаж, эрт босдог цагийн хуваарьтаа шилжихэд ихэнх хүүхдэд стресс үүсэж, таагүй сэтгэл хөдлөл гаргадаг. 

Хичээл эхлэхээс 2 долоо хоногийн өмнөөс ердийн сэрдэг цагаас нь 30-60 минут эрт сэрээж, өдөр бүр энэ хугацааг бага багаар нэмэгдүүлэх нь гэнэтийн шилжилт үүсгэхгүй, хүүхдийг шинэ цагийн хуваарьт нь бага багаар дасгаж байгаа учраас сэтгэл зүйн таагүй хариу урвал үүсгэдэггүй ажээ. 

Мөн хүүхдэд түгээмэл үүсдэг нойр хулжилтыг бууруулахын тулд: 

  • Унтахаас 2 цагийн өмнө гар утас, компьютер гэх мэт электрон хэрэгслийн хэрэглээг бууруулаарай
  • Унтахад бэлдэх тайван, намуухан өдрийн хэмнэлийг бүрдүүлээрэй
  • Унтлагын өрөө нь харанхуй, бүүдгэр байж, дуу чимээгүй, тод гэрэлгүй байх нөхцөлийг бүрдүүлээрэй 
  • Хэт халуун биш, хэт хүйтэн биш температурыг тохируулаарай 
  • Унтахаас 5 цагийн өмнөөс каффейнтэй (коффеноос гадна олон төрлийн цайнд каффейн агуулагддаг) чихэрлэг хүнс, амттан хэрэглүүлэхгүй байх 


  1. Интернэт орчинд өнгөрүүлж буй хугацааг анхаараарай 


Орчин үед хүүхдүүд интернэт орчинд дураараа аялж, олон цагийг TikTok, Instagram, Facebook зэрэг олон нийтийн сүлжээ ашиглаж байгаа нь тэдний анхаарал төвлөрөлт муудахад хүргэж, бусадтай өөрийгөө харьцуулан голох, өөртөө итгэлтгүй болох, сэтгэл гутралд орох гэх мэт хор уршигтайг олон судалгаа нийтлэлүүд баталж байна. Иймээс та хүүхдээ интернэт орчинд хэр их хугацааг өнгөрүүлж байна, мөн яг юу үзэж, үлгэр дуурайлал авч байгааг анзаараад үзээрэй. 


  1. Гадаа орчинд өнгөрүүлэх цагийг нь ихэсгээрэй


Орчин үед хүүхдүүд гадаа ямар ч цаг агаартай байсан, ямар ч улирал байсан гэртээ байхыг илүүд үзэж, биеийн идэвхтэй хөдөлгөөн хийхээс цааргалаж, улам л суусан, хэвтсэн байрлалаас гар утас, видео тоглоом зэргээ тоглохыг илүүд үзэж байна. 

Нарны гэрэл нь бидний сэтгэл санаа тайван, өөдрөг байхад ихээхэн нөлөө үзүүлдэг ба нарын гэрэлд гарснаар бидний аз жаргалын даавар улам эрчимтэй нийлэгждэг. 

Иймд та өөрөө болон гэр бүлийн гишүүдийнхээ гадаад орчинд өнгөрүүлэх цагийг ихэсгэх тал дээр анхаараарай.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл