2023 оны 06 сарын 10
Зуны хооллолттой холбоотой 5 зөвлөгөө
Гадаа хоол хийх, амралт зугаалга, далайн эрэг рүү аялах гээд та хөгжилтэй зуныг өнгөрөөж байна уу? Энэ их завгүй үед хоол боловсруулах эрхтний асуудал үүсэхээс сэргийлэх тухай бодоогүй явж байгаа байх. Хамгийн гол нь гадаа халуун байх, чийгшил өндөр зэргээс ходоод гэдэсний замын асуудалд хүргэх янз бүрийн шалтгаан, нөхцөл байдал үүсдэг. Канадын Хоол боловсруулах эрхтэн судлал эрүүл мэндийн сан (CDHF) "Таны хоол боловсруулах тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг зарим нийтлэг үзэгдэл нь муудсан хоол хүнс, шингэн алдалт, хэт ачаалал гэх мэт зүйлс юм" гэж хэлсэн байдаг. Зуны улиралд хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоо эрүүл байлгахад туслах таван арга замыг толилуулъя.
Шингэн алдалтаас зайлсхийх
Цаг агаар халуун, дулаан байх үед хөлрөлт нь таныг хөргөж биеийн хэмийг багасгадаг. Харамсалтай нь энэ нь их хэмжээний ус алдахад хүргэдэг. Сан Антониогийн хоол боловсруулах эрхтэн судлалын зөвлөхүүд "Шингэн дутагдахаас сэргийлэх нэг сайн аргабол цангаагүй байсан ч дунд зэргийн хэмнэлтэйгээр ус уух явдал юм" гэж зөвлөж байна. "Цангах хүртлээ хүлээх нь таныг нэг дор их хэмжээний ус ууж улмаар гэдэс дүүрэхэд хүргэж болзошгүй." Хэрэв та энгийн ус уухад дургүй бол жимс эсвэл өргөст хэмхээр амталж үзээрэй. Эсвэл хийжүүлсэн ус уугаарай. Эдгээр нь энгийн устай адил биеийг шингэнээр хангаж амны цангааг тайлна.
Удаан идээрэй
Та хоолыг маш хурдан бараг нэг амьсгаагаар идчихдэг үү? Тийм бол хоолыг удаанаар, олон зажилж идэх хэрэгтэй. Энэ нь хоол боловсруулах эрхтнүүддээ тусалж байгаа нэгэн хэлбэр юм. Халууны улиралд таны биеийн дотоод дулааныг бууруулахын тулд маш их энерги зарцуулдаг; Энэ энерги нь "хоол боловсруулах гэх мэт бусад үйл ажиллагаанд зарцуулагдах байсан энергиэс авсан байдаг" гэж CDHF тайлбарлав. "Тиймээс удаан идэх нь хоол боловсруулах эрхтнүүдэд тань хоол боловсруулах хангалттай цаг өгдөг байна." Мөн хэт хурдан идэх нь хазах бүрдээ агаар залгих магадлалыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь гэдэс дүүрэхэд хүргэдэг. Хооллох хурдаа багасгахын тулд хоолонд орж буй орцуудыг жижиглэн хэрчих болон идэхдээ сайтар зажилж үзээрэй. Та мөн ухамсартай хооллолт (mindful eating) гэж нэрлэгддэг аргыг туршиж үзэж болно.
Хүнсний аюулгүй байдал дээр анхаарах
Хүн бүр гадаа, ил гал дээр хоол хийх дуртай боловч халуунд хэт удаан орхисон мах, сүүн бүтээгдэхүүн нь ноцтой аюул учруулж болзошгүй юм. Гадаа аюулгүй хооллохын тулд FDA дараах зүйлийг зөвлөж байна:
· Хоолоо хөргөгчид аль болох удаан байлга. Хүйтэн хоолыг 4.5 ° ба түүнээс доош хэмд хадгална.
· Хэрэв зугаалгаар явах гэж байгаа бол уух зүйлсээ нэг хөргөөх саванд, хурдан мууддаг хоолыг нөгөөд нь савлахыг бодоорой. Ингэснээр хурдан мууддаг бүтээгдэхүүнүүд дулаан агаарт байнга өртөхгүй.
· Жимс, хүнсний ногоог (хальстай жимсийг ч мөн адил) усаар зайлж, цэвэр даавуу эсвэл цаасан алчуураар хатаана.
· Түүхий мах, түүхий шувууны мах, түүхий далайн хоолыг чанаж болгосон хоол болон жимс, ногооноос хол байлга.
· Амьтны гаралтай түүхий бүтээгдэхүүнүүдэд нэг таваг эсвэл нэг гампанз, бусад зүйлд өөрийг хэрэглээрэй.
· Чанах болон шарахад бэлдээд амталсан бүтээгдэхүүнийг хөргөгчид (гал тогооны тавцан дээр эсвэл гадаа хэзээ ч үлдээж болохгүй) хадгалаарай.
· Хэрвээ махаа гриллдэхээсээ өмнө дутуу болгосон бол тэр даруйдаа халуун грилл дээрээ тавьж үргэлжлүүлээрэй.
Илүү их эслэг идээрэй
Хангалттай хэмжээний эслэг идэх нь жилийн аль улиралд чухал боловч зуны улиралд илүү чухал байдаг. "Халуун үед хоол боловсруулалт удааширдаг, мөн эслэг нь хоол боловсруулалтад тусалдаг" гэж хоол боловсруулах эрхтэн судлалын зөвлөхүүд хэлж байна. Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэтэй бууцайны салат нь тохиромжтой хэмжээний эслэгийг авах амттай арга юм. Манго, папайя зэрэг зуны жимснүүд ч мөн адил. Бусад эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүнд банана, шош, брокколи, эрдэнэ шиш, түүхий лууван, сэвэг зарам, попкорн орно.
Өөрт таарсан дасгал хийх
Мэдээжийн хэрэг та жилийн турш аль ч улиралд дасгал хийх хэрэгтэй. Гэхдээ температур, чийгшил ихсэх үед таурьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. "Биеийн тамирын зааланд гүйлтийн зам дээр гүйх нь илүү дээр байж магадгүй" гэж CDHF хэлж байна. Эсвэл өглөө эрт, оройд алхах гэх мэт нарны илч багатай цагт бага-эрчимтэй дасгал хийж" болно. "Хэрэв танд бөөлжих, толгой эргэх эсвэл дотор муухайрах шинж илэрвэл наршсан байж магадгүй" гэж хоол боловсруулах эрхтэн судлалын зөвлөхүүд анхааруулж байна. “Дотогш орж, ус уу. Хэрэв шинж тэмдгүүд үргэлжилбэл анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдоорой."
Та нийтлэлийн эх сурвалжийг англи хэл дээр уншихыг хүсвэл https://naturesplus.com/blogs/wellness/5-tips-for-healthy-summer-digestion руу орж уншаарай.