Хүүхдэдээ хэрхэн ногоо идүүлэх вэ?

2024-08-20 05:19
Хүүхдэдээ хэрхэн ногоо идүүлэх вэ?

Хүүхэд бор хоолонд орсон цагаас эхлэн өсөлт хөгжил нь улам эрчимжин амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ өсдөг. Бага наснаас нь хэвшүүлсэн зөв хооллох дадал хүүхдийг олон өвчнөөс сэргийлж эрүүл том хүн болох нэгэн суурь нь болдог. Гэтэл хүүхдэд ногоо идүүлнэ гэдэг тийм ч амар биш ээ. Иймээс бидний зүгээс хүүхдэд ногоо идүүлэх хэд хэдэн бяцхан залийг хүргэж байна. 


Шинэ ногоотой танилцуулахдаа заль ашигла! 


Өмнө нь огт идэж үзээгүй шинэ төрлийн ногоо идүүлэхдээ эхлээд жижигхэн долоолгуулаад, багахан хазахыг зөвлө. Хэрэв хүүхдэд таалагдахгүй, шуудхан гаргаад хаячихвал цаасанд боогоод арай өөр аргаар идүүлэх гэж оролд. Нэг л удаагийн оролдлого ашиглаад манай хүүхэд энэ ногоонд дургүй юм байна гээд өгөхөө боливол хүүхэд насан туршдаа тухайн ногоог идэхгүй гэсэн үг.

Иймээс 2 дахь, 3 дахь оролдлого дээрээ ногоогоо халуунаар өгсөн бол хүйтнээр, жигнэж өгсөн бол шараад өгөх хэрэгтэй. 


Тэдэнд сонголт хийх боломжийг олго! 


Та оройн хоолоо хийхээсээ өмнө тэднээс өнөөдрийн хоолонд ямар ногоо хийлгэмээр байгааг асуу. Чи ногоо идмээр байна уу гэж биш чи улаан чинжүү хиймээр байна уу эсвэл ногоон чинжүү юу? Чи броккли хиймээр байна уу эсвэл энгийн байцаа хиймээр байна уу гэж. Тэд өөрсдийн сонголтоо хийгээд, оройн хоолонд өөрийнх нь сонгосон ногоог байхыг харвал идэх нь дамжиггүй. 


Халбага сэрээ биш гараараа иддэг хоолыг санал болго


Хүүхдүүд гараараа хоолоо барьж идэх дуртай байдаг. Иймээс шууд хэрэглэх боломжтой ногоонуудыг идэхэд бэлэн болгон бэлтгэж дүрж идэхэд тохиромжтой соусыг бэлдэж өгснөөр хүүхдүүд өөрөө өөртөө “заваарах” боломж олгон ногоогоо амтархан идэх болно. 


Хүүхдийнхээ дуртай хоолыг ашигла 


Хэрэв таны хүүхэд пиззанд дуртай бол багахан бууцай, эсвэл жижиглэж хэрчсэн лууван зэрэг идэх дургүй ногоог нь анзаарагдахгүй байдлаар сэмхэн оруулж өгснөөр иддэггүй ногоог нь идүүлэх боломжтой юм. 


Нуу! 

Хэрэв үнэхээр ногоо идэхгүй, ямар ч хоолноос ногоогоо ялгаад байгаа бол зутан шөл, бөөрөнхий мах зэрэг хоолонд машиндаж, жижиглэж хийгээд идүүлж болно. 


Хүнсээ цуглуулахдаа дагуулж яв


Тэдэнд хоолонд нь хэрэглэдэг ногоог хэрхэн худалдан авдгаа үзүүлж, олон төрлийн ногооноос хэрхэн хамгийн сайныг нь, хамгийн шинийг нь шилж авдгаа харуулж болно. Боломжтой бол тариалангийн талбайг харуулж чамайг том бас хүчтэй болгохын тулд хүмүүс ногоог ингэж тарьж ургуулдаг гэж харуулбал тэдэнд ногооны хэр чухлыг мэдрүүлж цаашид ногоо идэх дуртай болоход туслах болно. 


Хамгийн чухал  нь та өөрөө үлгэрлэ 


Хүүхдийн хамгийн том үлгэр жишээ авдаг хүн нь ээж, аав билээ. Хэрэв та өөрөө хоолноосоо ялгадаг хэр нь хүүхдээ ногоо идүүлэхийг ятгавал энэ нь утгагүй юм. Тэдэнд зөв дадал хэвшлийг цогцлоохыг хүсвэл та өөрөө үлгэрлэгч байгаарай. 


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл